Утаа гэхээр ЗУУХ ЯРИХАА БОЛЬЁ


zuuh

2014 онд Улаанбаатар хотод бүсчилсэн байдлаар 45 мянган утаагүй зуух тараах ажил өрнөсөн. Тухайн үед утаагүй зуухыг бүсчилж буюу төвийн зургаан дүүрэг, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан, хорт утаа хамгийн ихээр ялгаруулдаг гэр хороолын иргэдэд утаагүй зуух тараасан юм.

Эдгээр утаагүй зуух нь "Сэлэнгэ" констракшн компанийн "Өлзий", "Роял Оушн" компанийн "Дөл", Элеменко компанийн "Талст", "Их тэнгэрийн хүч" компанийн "Векас 107" хэмээх дөрвөн төрлийн зуух байсан бөгөөд тус зуухнаас худалдан авсан тохиолдолд Дэлхийн банк, "Цэвэр агаар сан"-гаас төлбөрийнх нь 90 орчим хувийг төлж, иргэдэд 23 мянган төгрөгөөр тараасан ч эцэстээ дамын наймаа болж хувирсан юм. Утаагүй зуух олноор тараах ажил ид өрнөж байх үед тухайн үед “Цэвэр агаар сан”-гийн захиралаар ажиллаж байсан Д.Баасан “Агаарын бохирдлыг бууруулсан нь тодорхой. Гэхдээ яг хичнээн хувиар буурсан гэдгийг хэлэх хэцүү. Үүнийг яг таг нарийн шинжилж тогтоодог мэргэжлийн байгууллага ч алга” хэмээн хийж буй ажлаа үр дүнд хүрээд байгаа эсэхийг ч мэдэхгүй хариулт өгч байсан юм. ЗҮГЭЭР Л ЗУУХ ТАРААЧИХСАН...

 

ЗУУХ ХЭНИЙХ БАЙСАН БЭ. “MCS” групп, барилгын цахилгаан сантехник угсралтын “Хүрд” компанитай хамтран “Илч” утаагүй зуухыг гэр хорооллын иргэдэд зарсан. Мянганы сорилтын сангаас 44 сая ам.долларын санхүүжилттэй тендерт ялалт байгуулж, утаагүй зуухыг Канадаас биш, Туркээс оруулж ирдэг байсан гэх яриа ч гарсан юм. Харин уг асуудалд MCS компани өөрийн албан ёсны сайтдаа “Бид энэ төсөлд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж нийслэлийн утааг богино хугацаанд бууруулахыг зорьж орсон, ашиг хайгаагүй. Төслийг богино хугацаанд, өргөн хүрээнд далайцтай хэрэгжүүлэхэд санхүүгийн чадавхитай, менежмент зохион байгуулалт сайтай компани байх шаардлагатай байна гэж бидэнд хандсан учраас саналыг хүлээн авч Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар төсөлд оролцсон. 75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх бүхий л зардлыг өөрсдийн хөрөнгөө барьцаалж Голомт банкнаас авсан зээлээр санхүүжүүлсэн. 20 гаруй тэрбум төгрөг урьдчилан гаргаж Европ стандартын зуухыг оруулж ирж, айл бүрийн хаалгыг тогшиж суурилуулсны эцэст ажлаа үнэлүүлж мөнгөө Мянганы Сорилтын Сангаас буцааж авах зарчмаар хэрэгжсэн төсөл” хэмээн тайлбар хийсэн байдаг.

 

ДАХИАД Л ЗУУХ. Лхагва гаригт “Блю Скай” зочид буудалд “Утаагүй Улаанбаатар форум” зохион байгуулагдаж уг форумаар утааны эсрэг хийж болох ажлуудын талаар ажил хэрэгч саналуудыг хэлэлцсэн юм. Гэтэл салбарын сайд дахиад л зуух ярьсаар. Тэрбээр уг форумын үеэр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Шинэ технологийг нэвтрүүлсэн шийдэлтэй олон зуухны санал бидэнд ирсэн. Өмнө нь тараасан зуухнууд бодит байдалд нийцээгүй. Тэр зуухууд шахаа байсан гэдгийг ч бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн зүйлийг нэг их яриад яах вэ. Гол нь бид энэ алдааг дахин давтахгүй байх ёстой” гэжээ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 194 ажлыг шат дараатайгаар 2025 он хүртэл хэрэгжүүлнэ гэсэн байна. 2025 он хүртэл зуух тараана л гэж битгий хэлээрэй.

 

Өмнө тараасан зуух MCS-ийн шахаа байсан гэдгийг ч салбарын сайд нь хүлээн зөвшөөрчихлөө. Тэгвэл дахин шахаа орж ирэх боломжтой гэж хардахаас аргагүй. Утаанаас гарах ганц л шийдэл бий нь утаа гаргаж буй айл өрхүүдээ орон сууцжуулах болохоос биш зуух тараах биш. Амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай иргэдэд шинэ технологийн зуух тараалаа ч тэр орчин үеийн зуухаа тавих гэр байхгүй л амьдарч байна шүү дээ. Одоо зуух ярихаа больё.

 

ЭХ СУРВАЛЖ: Medee.MN

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд