Банкны зээлийн хүүг "хазаарлах" хуулийн төсөл дэмжлэг авсангүй


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 


М.Оюунчимэг: Мөнгө хүүлэлтийг зогсоож зээлийн хүүг бууруулах асуудлыг би эхнээсээ дэмжиж ирсэн. Өнөөдөр иргэд банкны хүүнд дарлуулж гүйцлээ. Зээлийн хүүг бууруулах асуудалд зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Үүнд эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах ёстой. Хуульд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гээд заачихсан байна. Гэхдээ одоо 18 хувиас доош байгаа зээлийн хүүг буцаагаад өсгөчихвий дээ. Зээлийн хүүгийн шимтгэл бусад хураамжууд бүгд өндөр байдаг. Энэ бол мөнгө хүүлэлт. Үүнд төр засаг заавал оролцох ёстой. Хэрэглээний зээлийг 10-12 хувиар хэтрүүлэхгүй байх гэж заасан байх ёстой гэх мэтээр тодорхой заагаад өгчих хэрэгтэй.

С.Эрдэнэ: Энэ асуудалд төрөөс зайлшгүй шаардлага хангах ёстой. Өнөөдөр банкны хүүгийн дарамтад ороогүй иргэн ховор байна. Эдийн засгийн байнгын хороо нийт иргэдээ бодоод энэ асуудлыг шийдэж өгөөсэй. Аж, ахуй нэгжийг нуруундаа үүрч яваа баялаг бүтээж буй иргэдээ дэмжих боломж энэ юм.

Д.Дамба-Очир: Эдийн засгийн байнгын хорооноос энэ асуудалд тогтоол гаргаад ажиллаж байна. Монголбанк болон бусад холбогдох байгууллага ч ажиллаж байгаа. Ул суурьтай дүгнэлт гаргасны дараа уг асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй байх.

Б.Дэлгэрсайхан: Гадны хөрөнгө оруулалтын банкийг хэзээ оруулж ирэх юм. Банк оруулж ирж байж, зээлийн хүү буурна. Хэдэн бизнесменүүд зүтгээд л байдаг. Зээлийн хүүнээс үүдээд бизнесийн орчинд маш хүнд байна. Харин банкуудын байшин улам л томроод байх юм. Одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид  зээлийн хүүнээс үүдээд, бүр гараа өргөөд буугаад өгчихлөө. Цөөн хэдхэн хүн хадгаламжийн хүүгээр баяжаад, хувийн хэвшлийн зээлийн хүүнд дарлуулсан байдалтай хэдий хүртэл явах юм.  Төв банкны өмнөх Ерөнхийлөгч Г.Золжаргал хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засгаа маш сайн тэлж өгсөн. Бизнес эрхлэгч хүний хувиар үүнийг зөв гэж хардаг. Одоо Монголбанк онол л ярих юм” гэсэн юм. 

Ингээд уг асуудлыг дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн 25 хувийн саналаа дэмжигдсэнгүй.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд