Цалин нэмээгүй байж татвар өсгөхийг эсэргүүцэв


МҮЭХ-ны ерөнхийлөгчийн шуурхай зөвлөлөөс лхагва гарагт /2018.01.09/ олон нийтийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу МҮЭХ-ны гишүүд дэмжигчид татварын нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр /2018.01.12/ Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.  

Тодруулбал, Сүхбаатарын талбайд МҮЭХ-ны 3000 гаруй гишүүд төв талбайд уриа, лоозон барьсаар цугларчээ. Жагсаалын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар УИХ-аас баталсан долоон төрлийн татварын нэмэгдэл, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шитгэлийн нэмэгдлийг бид эсэргүүцэж байна. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална” гэж хэллээ. Үүний дараа үйлдвэрчний холбооны гишүүд өөрсдийн байр суурийг хэлж, Засгийн газраас зарим нэг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.

 

Жагсаал өнөөдөр 12-14 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 3000 гаруй хүн цугларчээ. Хүрэлцэн ирсэн гишүүд дуу нэгтэйгээр татварын нэмэгдлийг эсэргүүцэж цалин багатай хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг уламжилж байв.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  их эмч, Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбооны дарга Д.Батдэлгэр

 

Эрүүл мэндийн салбарын 48 мянган ажилчдыг төлөөлөн өнөөдөр энэ цуглаанд оролцож байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид маш хүнд нөхцөлд ажилладаг. 24 цагаар өдөр шөнөгүй жижүүр хийж ажилладаг. Эдгээр долоон төрлийн татварыг нэмэхийг эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалын шийтгэлийн  нэг хувийг төлнө гэдэг ажилчдын цалин багасна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 620 мянган төгрөг байдаг. Тиймээс хүн амын орлогын татварыг нэмэгдүүлж байгаад туйлын харамсаж байна. Өөрөөр хэлбэл цалин нэмээгүй байж одоо авч буй цалингаас татвар нэмэх нь байж болшгүй асуудал. Энэ бол Засгийн газрын буруу шийдвэр. Цаашилбал, Засгийн газраас гаргасан татвар нэмэх шийдвэрийг цуцлаач гэж хэлмээр байна.

 

МҮЭХ-ны Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг

 

Монгол ардын нам анх сонгуульд гарч ирэхдээ татварыг нэмэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл эдгээр татварыг нэмснээр ард түмний амьдрал хэцүүхэн болж байна. Дэлхийн жишигт нийцсэн дундаж цалин 1500 орчим ам доллар байдаг. Манай боловсролын салбарт 200-250 долларын цалин авдаг өчнөөн хүн байна. Ийм байхад татвараа нэмэх нь буруу юм. Жагсаалын дараагаас долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн  асуудлыг  эргэж харахыг Засгийн газарт шахан шаардана гэсэн бодолтой байна” гэж мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд